Үндсэн агуулга руу очих
ДЭЛХИЙН БАГШ НАРЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!

ДЭЛХИЙН БАГШ НАРЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!

Мэндчилгээ · 2026.10.02

Дэлхийн багш нарын өдрийг тохиолдуулан МҮЭХ болон МБШУҮЭХ-ноос нийт багш, сурган хүмүүжүүлэгчиддээ баярын мэнд хүргэж, багшийн хөдөлмөрийн үнэлэмж, ажиллах орчин, цалин хөлсийг дэлхийн жишигт хүргэхийн төлөө тууштай ажиллахаа илэрхийлж байна. Өнөөдрийн багшийн хөдөлмөрийг үнэлэх нь маргаашийн Монгол улсын хөгжлийн суурь юм.

Хүүхэд бүрийн ирээдүйд гэрэл нэмэн, мэдлэг боловсрол түгээж, улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй багш, сурган хүмүүжүүлэгч, боловсролын салбарын нийт ажилтнууддаа, МҮЭХ-ны дэргэдэх Монголын Хөдөлмөрийн Их Сургууль , МОНГОЛЫН БОЛОВСРОЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБОО-ны нийт хамт олондоо Багш нарын баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Багшийн хөдөлмөрийг үнэлнэ гэдэг улс орны ирээдүйд хөрөнгө оруулж байна гэсэн үг.

Дэлхийн олон улс оронд багшийн ажиллах орчин, нэг ангид суралцах хүүхдийн тоо, ажлын ачаалал, цалин хөлсийг боловсролын чанар, багшийн мэргэжлийн үнэ цэнтэй нь уялдуулан бодлогоор дэмжиж байна.

Харин Монголд багш нарын ачаалал нэмэгдэж, хүний нөөцийн дутагдал бодит сорилт болсоор. Эзэмшсэн мэргэжлээ орхин өөр ажил сонгох, гадаадад хөдөлмөр эрхлэх багш нар нэмэгдэж, үүний цаана Монгол хүүхэд бүр чанартай боловсрол эзэмших эрх хөндөгдөж байна.

Өнөөдрийн багшийн хөдөлмөрийг хэр үнэлнэ, маргаашийн Монголын хөгжил төдий чинээ бат бөх байна.

МҮЭХ, МБШУҮЭХ нь багш, боловсролын салбарын ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмж, ажиллах орчин, цалин хөлс, нийгмийн баталгааг дэлхийн жишигт хүргэхийн төлөө дуу хоолойгоо тууштай хүргэж, тэмцсээр байх болно.

Ирээдүйг бүтээдэг багш нарт дэлхийн жишигт нийцсэн хөдөлмөрийн үнэлэмж хэрэгтэй.

Бүх мэдээ рүү буцах