Үндсэн агуулга руу очих
Монголын Хөдөлмөрийн Их Сургуулийн төлөөлөгчид БНХАУ-ын Анхуй Шиньхуа Их Сургуульд айлчиллаа.

Монголын Хөдөлмөрийн Их Сургуулийн төлөөлөгчид БНХАУ-ын Анхуй Шиньхуа Их Сургуульд айлчиллаа.

Хамтын ажиллагаа · 2026.05.27

Монголын Хөдөлмөрийн Их Сургуулийн захирал Г.Баярмаа тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Anhui Xinhua University-д албан ёсны айлчлал хийж, сургалт, судалгаа, олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр туршлага солилцлоо.

Монголын Хөдөлмөрийн Их Сургуулийн захирал Г.Баярмаа тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Anhui Xinhua University-д албан ёсны айлчлал хийж, хамтын ажиллагааны өргөтгөсөн уулзалт, туршлага солилцооны үйл ажиллагаанд оролцлоо.

Айлчлалын хүрээнд Anhui Xinhua University-ийн удирдлагууд төлөөлөгчдийг хүлээн авч, сургуулийнхаа сургалт, судалгаа, олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулсан юм.

Аюулгүй ажиллагаа, инженерийн сургалтын орчинтой танилцав

Төлөөлөгчид тус сургуулийн Хот байгуулалт, барилгын инженерийн сургуулийн бүтэц, угсралтын лаборатори болон практик сургалтын төвүүдтэй танилцаж, аюулгүй ажиллагааны инженерийн мэргэжлийн сургалтын орчин, туршлага судлав.

Лабораторийн тоног төхөөрөмж, практикт суурилсан сургалтын систем, судалгаа шинжилгээний ажлын үр дүнг танилцуулж, хоёр тал цаашид ХАБЭА чиглэлээр хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Монгол оюутнуудтай уулзалт хийв

Мөн төлөөлөгчид Anhui Xinhua University-д суралцаж буй Монгол оюутнуудтай уулзаж, суралцах орчин, оюутны хөгжлийн боломж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцав.

Монголын Хөдөлмөрийн Их Сургуулийн захирал Г.Баярмаа оюутнуудад хандан олон улсын боловсролын орчныг үр бүтээлтэй ашиглаж, Монгол, Хятадын боловсрол, соёлын хамтын ажиллагааны гүүр болж ажиллахыг уриаллаа.

Санхүү, эдийн засаг, Big Data сургалтын туршлага судлав

Төлөөлөгчид Санхүү, эдийн засгийн сургуулийн лаборатори, санхүүгийн Big Data сургалтын төвтэй танилцаж, дата шинжилгээ, симуляц сургалт, практикт суурилсан сургалтын арга барилын талаар мэдээлэл авсан юм.

Тус сургуулийн зүгээс үйлдвэрлэл–сургалтын уялдаа холбоо, хэрэглээний чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх тогтолцоогоо танилцуулж, хоёр тал цаашид хамтарсан сургалт, судалгааны төсөл хэрэгжүүлэх талаар ярилцлаа.

Хамтын ажиллагааны уулзалт зохион байгуулав

Уулзалтын үеэр:

  • Нягтлан бодох бүртгэл
  • Эдийн засаг
  • Хөдөлмөрийн эдийн засаг
  • Аюулгүй ажиллагааны инженер
  • “1+3” хамтарсан хөтөлбөр
  • Олон улсын оюутан солилцоо
  • Төгсөгчдийн холбооны хамтын ажиллагаа

зэрэг чиглэлээр санал солилцож, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан ойлголцолд хүрлээ.

Монголын Хөдөлмөрийн Их Сургууль нь хөдөлмөр, нийгмийн харилцаа, ХАБЭА болон хөдөлмөрийн зах зээлийн чиглэлээр мэргэшсэн Монгол Улсын онцлог их сургуулийн хувьд олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, судалгаа, инновац, оюутан солилцоо, хамтарсан хөтөлбөрүүдийг хөгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна.

Энэхүү айлчлал нь хоёр сургуулийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхээс гадна багш, оюутан солилцоо, хамтарсан судалгаа, олон улсын боловсролын төсөл хэрэгжүүлэх суурийг бэхжүүлсэн чухал үйл ажиллагаа боллоо.

Бүх мэдээ рүү буцах